Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд

*Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж.
*Ромчууд шинэ жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байжээ.
*Олон төрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг эцэслэхээр Ромын Сенат нэгдүгээр сарын 1-нийг шинэ оны эхний өдөр хэмээн ЗТӨ 153 онд тунхагласан байна.

*Загалмайтны шашинт ихэнх нутагт он солигдсоны дараахан ирсэн зочин тухайн оны аз, амжилтыг бэлгэддэг гэдэгт хүмүүс итгэдэг. Шинэ оны анхны зочин өндөр, бараан үстэй эр бол тухайн гэр бүл шинэ онд аз жаргалаар дүүрэн байдаг гэж тэд үздэг байна.
*Шинэ оны эхний өдрийг дэлхийн улс орон бүр нэгдүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэггүй ч цагийн эрхээр дэлхий нийт нэгдсэн хуанлийг мөрдөж эхлээд удаж буй. Гэхдээ уламжлалт цаг тооны бичгээ баримталж шинэ оны баярыг өөрсдийнхөөрөө тэмдэглэх нь бий. Тэдгээр орнууд шинэ оны баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг.
*Грегорийн тооллыг дэлхий нийтээрээ даган мөрдөх болсноор шинэ жилийн баярыг ч дэлхий нийт зэрэг тэмдэглэх болов. Католик шашинт орнууд уг хуанлийг эртнээс дагасан. Харин протестантууд тэдэнтэй нэгдтэл багагүй хугацаа өнгөрсөн юм.
*Герман 1700, Их Британи 1752, Швед 1753 онд тус тус Грегорийн хуанлийг мөрдөж эхэлжээ. Харин Дорнын улсууд загалмайтны тоолол гэгдсэн уг тооллын системийг нэлээд хожуу хүлээж авсан. Япон 1873, Хятад 1912 онд Грегорийн тооллыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
*Зүүний үнэн алдартнууд бүр ч хожим буюу 1924 болон 1927 онд Грегорийн хуанлийг хүлээж авчээ. Орос мөн хоёр ч удаа уг хуанлийг мөрдөх шийдвэр гаргасан бөгөөд 1918 оны шийдвэрээ тун богино хугацааны дараа цуцалж уламж-лалт цаг тооллын бичигтээ шилжсэн ч удалгүй 1924 онд дахин Грегорийн хуанлийг хүлээж авсан юм.
*Сүлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ.
*Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн аж.
*Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн анхны Ерөнхийлөгч бол Фрэнклин Пиерс.
*Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
*Барууны ертөнцөд алдартай “Зул сарын 12 өдөр” дуунд шинэ жилийн баяраар 364 бэлэг хүлээж авах тухай өгүүлдэг.
*Шинэ жилийн баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол “Цөмөөхэй”.
*”Кока Кола” Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм.
*Дэлхий дахинд алмааз эрдэнэ хамгийн гүйлгээтэй байдаг үе бол Зул сар болон шинэ жилийн баяр.
*Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг.
*Харин нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.
*Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг.
*1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ.
*Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
*Нью-Йорк хотын “Таймс” талбайд уламжлал болон зохиогдох болсон шинэ жилийн баярын анхын цэнгүүн 1904 онд болсон байна.
*Эртний персүүд шинэ жилийн баяраар бие биедээ өндөг бэлэглэдэг байсан нь шинэ амьдрал, өнөр өтгөн гэр бүлийг бэлгэддэг байж.
*Рош Хашанах хэмээх еврей шинэ жилийн баяраар хүүхэд бүрт шинэ хувцас бэлэглэдэг заншилтай.
*Оны сүүлийн өдөр грек охид унтахын өмнө шорвог хоол идэх ёстой. Энэ нь давс ихтэй хүнс он солигдох мөчид тэдэнд ирээдүйн нөхрийг нь зүүдэнд нь харуулдаг гэх сүсэгтэй холбоотой.
*Ром тоололд нэгдүгээр сарыг Янус бурхны нэрээр нэрлэсэн нь хаалга хэмээх утга илэрхийлдэг.
*Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.
*Германчууд шинэ оны эхний өдөр урьд орой нь идсэн загасны хайрсыг түрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг байна.
*Польшууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг.
*Харин Филиппинд шинэ жилийн баярт зориулсан онцгой амттан байхгүй. Филиппинчууд уг баяраар ширээ хоосон байхыг л цээрлэдэг бөгөөд байгаа бүхнээ-рээ гэдсээ гартал хооллодог.
*Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ.
*Зүүний сүвэгч дээр бүтээсэн уг мод дэлхийн хамгийн жижиг сүлд мод. 0.5 мм өндөр уг модыг бяцхан охины хамт бүтээсэн Английн Бирмингхэм хотын зохион бүтээгч Виллард Виган содон бүтээлээ энэ сарын 18-нд нийтэд дэлгэжээ.
*Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм.
*Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.

Posted on Арван хоёрдугаар сар 30, 2010, in Мэдээ мэдээлэл, Сонин хачин. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: